Калифорнийн Их Сургууль (систем)
АНУ-ын Калифорни мужийн олон нийтийн өмчит их сургуулийн систем / From Wikipedia, the free encyclopedia
37.802168°N 122.271281°W / 37.802168; -122.271281
University of California | |
Уриа | Fiat lux |
---|---|
анг Уриа | Let there be light |
Байгуулагдсан он | March 23, 1868; 156 жилийн өмнө (March 23, 1868) |
Төрөл | Олон нийтийн өмчит их сургуулиудын нэгдсэн систем |
Хандивын сан | 95 тэрбум их наяд төгрөг (30 тэрбум ам доллар), 2021 онд - үүнд бүх салбар сургуулийн хандивын сан багтсан |
Ерөнхийлөгч | Майкл В. Драйк (Michael V. Drake) |
Эрдэмтэн багш нар | 24,400 (2021) |
Захиргааны ажилтан | 143,200 (2021) |
Оюутан | 285,862 (2020) |
Бакалавр | 226,449 (2020) |
Аспирант | 59,267 (2020) |
Байршил | Оакланд, Калифорни, АНУ |
Өнгөнүүд | Хөх цэнхэр Алтан шаргал |
Цахим хаяг | universityofcalifornia.edu |
Калифорнийн Их Сургууль (англ. University of California, UC) нь АНУ-ын Калифорни мужид байдаг сургалт судалгааны их сургуулийн систем бөгөөд Беркли, Дэвис, Ирвин, Лос Анжелес, Мерсед, Риверсайд, Сан Диего, Сан Франциско, Санта Барбара, Санта Круз зэрэг салбар сургууль, олон тооны судалгааны төвүүд болон гадаад дахь эрдэм шинжилгээний төвүүдээс бүрддэг.[1] Уг систем нь АНУ-ын Холбооны Засгийн газрын санхүүжилттэй, Калифорни мужийн олон нийтийн өмч юм.[2]
Калифорнийн их сургууль нь 1868 оны 3-р сарын 23-нд байгуулагдсан бөгөөд 1873 онд Беркли рүү нүүхээсээ өмнө Оакландад үйл ажиллагаагаа явуулж байжээ[3][4]. Цаг хугацаа өнгөрөхөд хэд хэдэн салбар байршилтай болж өргөжсөн. 1951 оны 3-р сард Калифорнийн их сургууль Беркли дэх кампусаасаа томрон өргөжиж, өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд UC-ийн ерөнхийлөгч Роберт Гордон Спрул UC системийн гүйцэтгэх захирлаар томилогдож, Кларк Керр Берклигийн анхны канцлер,[5][6][7][8] Рэймонд Б. Аллен UCLA-ийн анхны канцлер болсон юм.[9]
Калифорнийн их сургууль нь одоогоор 10 салбар сургууль, 285,862 оюутан, 24,400 багш, 143,200 ажилтан, 2.0 сая гаруй төгсөгчтэй. Мерсед дэх хамгийн шинэ кампус нь 2005 оны намар нээгдсэн. Есөн кампус нь бакалавр болон магистрын оюутнуудыг элсүүлдэг; Сан Францискод байрладаг салбар нь зөвхөн анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлийн оюутнуудыг элсүүлдэг. Нэмж дурдахад Сан Франциско хотод байрладаг UC Хастингс хуулийн коллеж нь UC-тэй хууль ёсны дагуу харьяалагддаг боловч нэрээ хуваалцахаас бусдаар системийн бусад хэсгээс бүрэн бие даасан байдаг. Калифорнийн дээд боловсролын мастер төлөвлөгөөний дагуу Калифорнийн их сургууль нь тус мужид байдаг олон нийтийн өмчит гурван их сургуулийн системийн нэг хэсэг бөгөөд нөгөө хоёр нь Калифорни мужийн их сургуулийн систем болон Калифорнийн олон нийтийн коллежийн систем юм. UC нь мужийн Засгийн газрын бусад хэсгээс бие даасан байдаг ба мужийн Үндсэн хуулиар хамгаалагдсан тусгай Удирдах зөвлөл (англ. Regents of the University of California) Калифорнийн их сургуулийг удирддаг юм.[10] Калифорнийн их сургууль нь АНУ-ын Эрчим хүчний яамны гурван үндэсний лабораторийг удирдаж эсвэл хамтран удирддаг: Лоуренс Беркли үндэсний лаборатори (LBNL), Лоуренс Ливерморын үндэсний лаборатори (LLNL), Лос Аламосын үндэсний лаборатори (LANL).[11]
Томоохон хэвлэлүүд UC-ийн ихэнх кампусыг дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд тооцдог. Беркли, Дэвис, Ирвин, Лос Анжелес, Санта Барбара, Сан Диего, Санта Круз, Риверсайд гэсэн найман кампус нь олон нийтийн Айви (Айви лигийн сургуулиуд бүгд хувийн өмч байдаг бол UC нь олон нийтийн буюу төрийн өмч, мужийн оюутнууд суралцахад харьцангуй хямд зардалтай байдаг учраас) гэж тооцогддог.[12] [13] UC-гийн салбар сургуулиуд бараг бүх эрдэм шинжилгээний чиглэлээр олон тооны нэр хүндтэй багш, эрдэмтэнтэй бөгөөд 2021 оны байдлаар одоо ажиллаж байгаа багш ажилчдаас 71 нь Нобелийн шагнал хүртсэн байна.[14]