Найдангийн Түвшинбаяр
From Wikipedia, the free encyclopedia
Монгол улсын анхны олимпын аварга (2008), анхны олимпын хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар (2008) бөгөөд гавьяат тамирчин (2008) Найданы Түвшинбаяр (дүрмийн ялгаа сайн танигдахгүйгээс Найдангийн Түвшинбаяр гэж бичих нь түгээмэл байдаг) 1984 оны 6 сарын 1-нд Монгол улс (БНМАУ)-ын Булган аймгийн Сайхан суманд малчин монгол эцэг Т. Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.
Төрсөн өдөр | 1984 оны 6 сарын 1 (1984-06-01) (39 настай) |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Булган аймгийн Сайхан сум |
Бөхийн цол | Улсын заан |
Цол ахисан он жил | |
Улсын заан | 2017 |
Улсын харцага | 2013 |
Аймгийн арслан | 2006 |
Аймгийн начин | 2002 |
Шөвгөрсөн | 2 (2013, 2017 |
Бусад бөх барилдааны амжилт | |
Улс орон | Монгол (МУ) |
Тамир, спорт | эрэгтэй жүдо |
Улсын наадмын барилдааны амжилтыг devjee.mn цахим хаягийн 2020-7-12-ны өдрийн байдлаар мэдээлэв. |
Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр (17-18 нас) бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхлэв. 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ. Булган аймагтаа Монгол улсын гавъяат дасгалжуулагч Шаравжамцын Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа ханган барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарын шавь болжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд -100 кг жинд барилддаг болсон.[1] 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпын наадaмд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коко үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, шигшээ барилдаанд Казакстаны бөх Асхат Житкеевийг ваза-аригаар хожжээ (тэр үед жүдо бөх хөлд орох ба гараараа хөлийг авч шидэх мэхээр чөлөөт бөхтэй их төстэй байсан)[2][3][4]. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай шигшээд шалгарч, сууж үүрүүлэх мэхээр хожигдож, мөнгөн медаль хүртэн, Монгол улсын анхны олимпын хос медальтан болжээ. Энэ хооронд хоёр удаа (2010, 2011) Монгол улсын аварга болсон. "Будапешт-2017” жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж Гүржийн шинэ залуу од Гурам Тушишвилийг даралтаар цэвэр хожиж, хүрэл медаль хүртсэн. 2017 онд төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнагдсан.[5].
2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.