Рашид ад-Дин
From Wikipedia, the free encyclopedia
Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (Рашид ад-Доулэ; Рашид ат-Табиб — «Рашид-эмч», رشیدالدین فضلالله همدانی) (1247 он орчим, Хамаданд төрж— 1318 оны 6 дугаар сарын 18-нд Тебризэд нас барсан) - Персийн төрийн зүтгэлтэн, эмч, эрдэмтэн; Ил Хаант Улсын шадар сайд (1298—1317).
Монголын Абаха хааны үед төрийн ажилд орж (1265—1282), Махмуд Газан хааны үед (1295—1304) эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүлэх түшмэл болсон. Өлзийт хааны үед (1304—1316) үндсэндээ улс удирдах нэгдүгээр хүн болсон байна. Абу Саид Бахадур хааны үед (1316—1335) улс төрийн зөрчилдөөний үед эрх мэдлээ алдаж худал хилс мэдүүлгээр буруутгагдаж цаазлуулсан байна.
Рашид ад-Дин бол Монголын Эзэнт Гүрний Ил Хаант Улсын түүхийн талаар М.Газан хааны тушаалаар перс хэлээр "Жами' ат-таварих" («Судрын чуулган») хэмээх түүхэн сурвалж бичиж үлдээсэн юм. Мөн Рашид ад-Дины захидлууд түүхийн чухал эх сурвалж болдог.
Газан хаан олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд чухал ач холбогдол өгдөг байжээ. Газан хаан 1300/1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхтгэх даалгавар өгсөн байдаг юм. Улмаар «Та’рих-и Газани» («Газаны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх "Судрын чуулган" түүхэн баримт бичгийг дуусгасан байна.