Химийн холбоо
From Wikipedia, the free encyclopedia
Бодисын бүтцийн тухай сургааль нь химийн нэгдлүүдийн олон янз болох, тэдгээрийн найрлага, молекулын бүтэц, бодисын байгууламж зэргийг тайлбарладаг. Атомууд химийн холбоогоор нэгдэж молекул хэрхэн үүсдгийг орчин үед атомын бүтцийн электроны онолын үндсэн дээр тайлбарлаж байна. Химийн хувьд тогтвортой олон атомт систем бүрдүүлж байгаа хоёр ба түүнээс дээш тооны атомын хоорондох харилцан үйлчлэлийг химийн холбоо гэнэ.
Атом буюу молекулуудын хоорондын бусад төрлийн үйлчлэлээс химийн холбооны ялгагдах үндсэн онцлог гэвэл нэгдэж байгаа атомуудын электрон бүрхүүлийн төрх өөрчлөгдөх явдал юм. Иймээс химийн холбоог электрон бүрхүүлийн өөрчлөлттэй явагдах атомуудын харилцан үйлчлэл гэж үзэж болно.
Бодисууд хоорондоо нэгдэж химийн нэгдэл үүсэх явцад энерги ялгарна. Хэдий чинээ их энерги ялгарна, төдийчинээ батжилтай нэгдэл үүснэ. Иймээс холбоог задлах энерги уг химийн нэгдлийн батжилын хэмжүүр болно. Химийн холбоо үүсэхэд холбоонд орж байгаа электрон ба цөмөөс тогтсон системийн потенциал энергийн багассанаас ямагт энерги ялгарна. Иймээс холбоонд орсон хэсгүүдийн нийлбэр потенциал энерги, хэсэг тус бүрийн анхны потенциал энергийн нийлбэрээс ямагт бага байна. Ийм замаар харилцан үйлчлэлцэж байгаа атомуудаас тогтсон системийн потенциал энерги багасах нь химийн холбоо үүсэх гол нөхцөл болно.