Үндэсний Ассамблей (Өмнөд Солонгос)
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Солонгос Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага болох парламентыг Үндэсний Ассамблей гэдэг.
Үндэсний Ассамблей нь нэг танхимтай, бүх нийтийн шууд сонгуулиар дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог ба гишүүдийн тоог хуулиар тогтоодог бөгөөд 200-аас доошгүй байна. Харин одоогийн парламент нь 299 гишүүнтэй байгаагаас 245 нь нэг мандаттай тойргоос, 54 нь пропорциональ төлөөллийн системээр сонгогдоно. Мөн сонгуульд зөвхөн 5-аас дээш суудал авсан нам, эвсэлд пропорциональ системээр суудал хуваадаг байна.
2008 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар бүрдсэн БНСУ-ын парламентад “Ханнара нам” 172 суудал авч олонхи болжээ.
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болсон сонгуулиар БНСУ-ын Үндэсний Ассамблейд 300 гишүүн сонгогдсон байна. Үүнээс 253 гишүүн сонгуулийн тойргоос, 47 гишүүн нь пропорциональ буюу намын жагсаалтаар сонгогдсон байна.
1960 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, урьд нь байсан Ерөнхийлөгчийн тогтолцоог халж, хоёр танхимтай парламентын тогтолцоог өрнөдийн орнуудын жишээгээр байгуулсан боловч төдийлөн амжилт ололгүй, 1961 онд гарсан цэргийн эргэлтээр дахин ерөнхийлөгчийн тогтолцоог сонгож парламентыг нэг танхимтай болгосон байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблей нь хууль тогтоомж санаачлах, батлах, хүчингүй болгох, улсын төсөв батлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, олон улсын гэрээ хэлэлцээрийг соёрхон батлах, дайн зарлах болон энхтайвны байдал тогтоох зэрэг үндсэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний Ассамблей нь дотоод дэгээ өөрөө баталдаг.