Монголын түүх
Монголын түүхийн товчоон / From Wikipedia, the free encyclopedia
Монголын түүх нь монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй салшгүй холбоотой. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн суурьшсан цагаас эхлэн нүүдэлчид (нүүдэлчин соёл иргэншил) эзэгнэн, Хүннү, Сяньби гүрнүүд байгуулагдаж байв. 1190 онд Чингис хаан тархай бутархай олон монгол аймгийг нэгэн тугийн дор нэгтгэв. Их Монгол Улс хүчирхэгжсэн үедээ Европын зүүн хагас, Азийн ихэнх газар нутгийг өөрийн мэдэлд оруулсан, хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй асар том газар нутагтай, улсын нутаг дэвсгэр дотроо Монголын энхтайвныг бий болгож чадсан хүчирхэг гүрэн байлаа. Хэдийгээр монголчууд дэлхийн түүхэнд тодрон гарч, Ази-Европын хооронд урьд нь байгаагүй соёл, худалдааг шинэ түвшинд авчирсан ч ихэнх монголчууд нүүдлийн амьдралтай хэвээр байсан юм. 1262 онд Их Монгол улс задран Алтан Ордны улс, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс нэртэйгээр дөрвөн том гүрэнд хуваагдан, 16-р зууныг хүртэл өөр хоорондоо дайтах буюу нэгдсээр ирэв. Яг энэ үедээ монголчууд Буддын шашны нөлөөнд автаж эхэлсэн ба түүнээс хойш нэг их удалгүй буюу 17-р зууны сүүлээс эхлэн 18-р зууны дунд гэхэд ихэнх монголчууд Чин улсад дагаар орсон байна. 20-р зууны эхэнд 1911 онд Чин улсын задран унах үед Хятад, Төвөд, Монгол гурван улс нэгэн зэрэг тусгаар тогносон байна. Энэ үед монголчууд эхлээд Хаант Оросын тусламжтайгаар Олноо Өргөгдсөн Монгол Улсыг, дараа нь 1924 онд Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан нь дэлхийн түүхэн дэх хоёр дахь социалист улс болсон юм. Үүний дараа Зөвлөлт Улстай мөр зэрэгцэн улсаа хөгжүүлж чаджээ. Зүүн Европт гарсан 1989 оны хувьсгалууд ч монголд улс төрийн өөрчлөлтийг авчирсан ба үр дүнд нь 1992 онд ардчилсан дэглэмтэй Үндсэн хуульт, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжин орсон. Төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих шилжилт нь ихээхэн асуудлыг дагуулсаар байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт зарим жилүүдэд маш өндөр үзүүлэлттэй байхад ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байсан.