Чарльз Спенсер Чаплин
From Wikipedia, the free encyclopedia
Чарли Чаплин (Англи: Charles Spencer Chaplin; 1889 оны 4-р сарын 16-нд Лондон хотод төрсөн – 1977 оны 12-р сарын 25[1]) Дуугүй киноны эрин үед ихээхэн алдаршсан инээдмийн жүжигчин, кино найруулагч. Тэрээр багадсан хүрэм, хэлхгэр өмд, том гутал, хар малгай, таяг тулсан Хэсүүлч эрийн дүрээр дэлхий дахинаа алдаршсан юм. Чаплиний энэ дүр дэлхийн кино урлагийн зах зээлд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц дүр болж чадсан билээ. Хатан хаан Викторийн эриний Англи оронд төрж өссөн тэрээр ухамсарт амьдралынхаа 75 жилийг кино урлагт зориулжээ. Энэ цаг хугацаанд ялалт, баяр, атаа хорсолын аль, аль нь түүнийг сүүдэр мэт дагалдаж явсан юм.
Чарльз Спенсер Чаплин | |
---|---|
Төрсөн | 1889 оны 4 сарын 16 (1889-04-16) Англи, Лондон (баталгаажаагүй) |
Нас барсан | 25 December 1977(1977-12-25) (88 насалсан) Швейцар, Корсье сур Вивье |
Ажил | жүжигчин, кино найруулагч, кино продюсер, кино зохиолч, хөгжмийн зохиолч |
Эхнэр (нөхөр) | Милдред Харрис (1918-1920) Лита Грей (1924-1927) |
Хүүхэд | 11 |
Гарын үсэг | |
Цахим сүлжээ charliechaplin |
Чаплиний хүүхэд нас Лондоны борчуудын хороололд туйлын хүнд бэрх, ядуу хоосны зовлон дунд өнгөрчээ. Түүнийг бага байхад эцэг нь нас барж, улмаар эх нь мөнгө олохын тулд давхар ажил хийдэг байсан тул Чаплин 9 наснаас хүүхдийн хөдөлмөр эрхэлж эхэлсэн гэдэг. Чаплинийг 14 нас хүрдэг жил эх нь сэтгэц мэдрэлийн өвчин туссан байна. Ядуу хоосон байдлаасаа бага ч гэсэн ангижирч, амьжиргаагаа залгуулахын тулд Чаплин гудамжинд үзүүлбэр үзүүлж, энд тэндхийн ууш, цэнгээний газруудад хүмүүсийг хөгжөөж, хошин үзүүлбэр үзүүлдэг байлаа.
Тэрээр 19 насандаа "Фред Карно" компанитай гэрээ байгуулж, улмаар АНУ-ыг зорьсон юм. Кино урлагийн замнал нь Кистоун студитэй гэрээ байгуулсан жил буюу 1914 оноос эхэлсэн гэж үздэг. Олон жилийн ажиглалтын явцад тэнүүлч эрийн дүрийг гаргах нь үзэгчдийн анхаарлыг татна гэж үзэн, энэ дүрийг хөгжүүлж ирсэн байна. Түүний судалгаа алдаагүй болохыг баталж, үзэгчид ч түүнд татагдаж эхэлсэн юм. Эссеней дэх кино студид ажиллах болсоноор 1918 он гэхэд түүнийг дэлхий дахин мэддэг болсон байлаа.
1919 онд Чарли Чаплин Юнайтед Артистс кино компанийг үүсгэн байгуулалцсан юм. Энэ нь түүнд урьдынхаасаа урт хугацааны, мөн түүнчлэн өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг харуулсан олон арван кино хийхэд үнэлж барашгүй нөлөө үзүүлжээ. Түүний хамгийн анхны бүрэн хэмжээний кино 1921 онд Жаалхүү нэртэйгээр олонд хүрсэн юм. Үүнээс хойш дэлхийн кино урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Парисийн эмэгтэй, Алтны халуурал, Цирк зэрэг олон арван кино шил, шилээ даран үзэгчдийн хүртээл болжээ. Кино урлагт техникийн дэвшил бүрнээ нэвтэрч дуу оруулах технологи нэвтэрсэн нь Чарли Чаплинд сөргөөр нөлөөлөөгүй төдийгүй, нэр алдарыг нь улам дээшлүүлэн билээ. Түүний ёжтой бөгөөд ихээхэн гүнзгий утга агуулга бүхий жүжиглэлт нь ямархан хэмжээний уран бүтээлч вэ гэдгийг дэлхий дахинаа харуулж чадсан юм. Үүний тод жишээ болох Хотын гэрэл, Орчин цаг зэрэг кинонуудыг үзэгч та бүхэн мэдэх биз ээ. Тухайн үеийнхээ улстөрийн нөхцөл байдлыг инээдтэй бөгөөд ёжтойгоор илэрхийлсэн Агуу дарангуйлагч кино түүнийг томоохон нэр алдарт хүргэсэн юм. 1940-өөд он бол түүний замналд хар ул мөр үлдээсэн хүнд бэрх он жилүүд байлаа. Чаплинийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчээр гэрлэсэн гэх шуугиан дэгдэж, улмаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж байсан юм. Энэ бүхний дараа АНУ-ын хууль тогтоогчид нутагаасаа гаргах шйидвэр гаргаж, улмаар Швейцарь улсад очихоос өөр аргагүй болжээ. Хүнд бэрх жилүүдийн дараа тэрээр хэсүүлч эрийн дүрээ өөрчлөн Монсье Вердуа, Нэр төр, Хонг Конгын гүн зэрэг кинонуудыг дэлгэцнээ амилуулсан юм.
Чарли Чаплин ихэнх киногоо өөрөө продьсерлэж, найруулж, зохиож, редакторлаж тэр ч бүү хэл хөгжмийг нь ч өөрөө зохиодог байлаа. Түүний гаргаж ирсэн хэсүүлч эрийн дүр нь сурталчилгааны бэлгэ тэмдэг, киноных нь сурталчилгаа болж байсан тул замналынхаа дөнгөж эхэнд л гэхэд санхүүгээр хэнээс ч хараат бус байх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тийм ч учраас тухайн цаг үед нь нийгэм, улстөр, бизнесийн бүх л салбарт түүний дүр төрхийг ашиглах нь элбэг байжээ. 1972 онд түүнийг АНУ-ын кино урлагийн академи Оскарын наадмын хүндэтгэлийн шагналаар шагнажээ. Энэхүү шагналын тодорхойлолтонд "Оршин буй эрин зууныхаа кино урлагийг өөрчилж, үүгээрээ дамжуулан нийгэмд эерэгээр нөлөөлсөнийг үнэлэн энэ шагналыг гардуулав" гэж бичсэн байжээ. Түүний бүтээсэн олон арван кинонууд дэлхийн кино урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ.