Мэйжийн Үндсэн хууль
From Wikipedia, the free encyclopedia
Японы эзэнт гүрний анхны үндсэн хууль (Япон: 大日本帝國憲法, Dai-Nippon Teikoku Kempo, орчин үеийн ханзаар: 大日本帝国憲法) буюу Мэйжийн Үндсэн хууль (Япон: 明治憲法, Meiji Kempo) нь 1890-1947 онд хэрэгжиж байсан, Японы анхны Үндсэн хууль юм. Энэ хууль нь Эзэн хааны болон гүйцэтгэх засгийн эрх зүйн байдлын үндсийг тодорхойлохоос гадна Япон улсын иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг тогтоож, төрийн байгууллагуудын тогтолцоонд хууль тогтоох эрх мэдэл бүхий хоёр танхимтай парламент бөгөөд хараат бус шүүх байгуулсан байна. Уг Үндсэн хуулийн дагуу хоёр танхимтай парламентын доод танхимыг иргэдээс сонгодог байхаар тогтсон онцлогтой байсан.
1889 оны 2 дугаар сарын 11-нд батлагдсан Үндсэн хууль нь Мэйжийн шинэтгэлийн үеэр хийсэн хамгийн чухал улс төрийн цогц шинэчлэлийн нэг болсон юм. Барууны орнуудын загвараар улс орноо шинэчлэх ерөнхий үзэл санааны дагуу Европын орнууд, түүний дотор Прусс бөгөөд Германы бусад мужуудын үндсэн хуулиуд тус Японы анхны Үндсэн хуулийн агуулгад маш их нөлөө үзүүлсэн юм.
Энэхүү Үндсэн хуулийн товч, хууль эрх зүйн бүхий л салбарыг хамарч чадахгүй эх үүсвэрийн үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж байсан тул тодорхой хэмжээгээр улс төрийн тунхаглал хэлбэртэй байж, үүссэн нарийн асуудлын зохицуулалтыг бусад хууль тогтоомж болон Эзэн хааны зарлигуудаар гүйцэтгэж байжээ.
Мэйжийн Үндсэн хуулийг баталснаар Япон улс Үндсэн хуульт засаглалын хэлбэрийг нэвтрүүлж, төлөөллийн ардчиллын үндэс суурийг тавьсан Азийн хоёр дахь орон (Османы эзэнт гүрний дараа) болсон байна. Эзэн хааны эрх мэдэл, парламентын эрх мэдлээс харьцуулшгүй илүү бөгөөд Үндсэн хуулиас гадуур институцүүдийн нөлөө өргөн байсан хэдий ч анхны Үндсэн хуулийн хэм хэмжээ нь Тайшо эриний үед Японы төр, нийгмийн тогтолцооны ардчиллыг нэмэгдүүлж, улам либералчлах механизмын нэг болсон юм. Үүнд анхны намуудын тогтолцоог байгуулж, бүх нийтийн сонгуулийн эрхийг анх нэвтрүүлсэн нь иргэдийн эрх, эрх чөлөөний талаар олон зуун жилийн түүхтэй хамтын дэг журамтай уламжлалт нийгэмд чухал алхам болсон гэж үзнэ. Үүний зэрэгцээ, Үндсэн хуулийн товч байдал болон эрх зүйн зохицуулалтын цоорхой шинж чанаруудаас шалтгаалан Японы 1930-аад оны цэргийн дэглэмийг бий болгоход саад тотгор болж, эрхийн хязгаарлалт болж чадаагүй юм.